Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Сайн баг, хамт олныг бүрдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлс
Ажил мэргэжил ба карьер · 2 сарын 3. 11:25 · 3,990

Багийн гишүүн бүр нэг зорилгын төлөө тэмүүлэн эрч хүч, урам зоригтой ажиллах нь хүчтэй багийн шинж юм.

Хамгийн сайн багт гишүүн бүр нь нэг зорилгын төлөө, нэг тэмүүлэл дор хүчээ дайчлан ажилладаг. Гишүүн бүр өөрийнхөө давуу тал, мэдлэг чадвараа дайчлахын зэрэгцээ бүгд бие биеэ маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Багийн амжилттай ажиллагаа нь дараах хүчин зүйлсээс шалтгаалдаг байна.

1. Нэг зорилготой байх

Хүрэхээр тэмүүлж буй зорилгоо хамтдаа тодорхойлж, багийн гишүүн бүр түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Багийн гишүүн бүрд ямар зорилгын төлөө ажиллах, ажлаа юунаас эхлэх нь тодорхой байх шаардлагатай. Нийтээр мөрдөх зорилго нь суурь зөвшилцлийг бий болгож, хүмүүсийг хооронд нь холбож өгөхөөс гадна хүн бүрд зорилгоо хэрэгжүүлэхэд өөрийгөө зориулан ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

2. “Бид” мэдрэмжтэй байх

Үнэнч сэтгэлтэй байх, бие биедээ туслах, анхаарал тавьж харилцах нь “бид” мэдрэмж бодитой бий болсны илрэл юм. Багийн гишүүд бид бусдаас юугаараа онцлог гэдгээ мэдэж түүгээрээ бахархана. Сайн багт “Энэ бол надад хамаагүй, энэ миний хариуцлага хүлээх ажил биш” гэсэн хандлага байхгүй бөгөөд харилцан итгэлцэл бий болж, багийн гишүүн бүр хариуцлагаа ухамсарлана. Ийм баг бүрдсэн тохиолдолд ачааллыг сайн дааж, асуудлыг хамтдаа зохицуулна.

3. Шийдвэр тодорхой байх

Амжилттай ажилладаг багт “ганцаарчлан тоглогч” байдаггүй. Чухал шийдвэрүүдийг зарчмын хувьд хамтдаа гаргадаг. Бүх гишүүдэд шийдвэр гаргах арга зам тодорхой, ойлгомжтой байвал гишүүн бүр өөрийнхөө ач холбогдлыг мэдэрч, өөрийн ажлын байрандаа хүндэтгэлтэйгээр хандан ажилладаг.  

4. Зөв бүтэцтэй байх

Сайн багууд ихэвчлэн эрэмбэ дараатай зохион байгуулалттай байдаг. Удирдлагын хувьд өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх, зохистой бүтцийг хадгалах, мэдээлэл солилцоо-харилцааны арга зам тодорхой байх нь мөн хамаатай.      

5. Үүрэг тодорхой байх

Багийн гишүүн бүр хариуцсан ажил үүргээ чинь сэтгэлээсээ хийх, зорьсон зорилгодоо хүрэхийг төлөө ажиллах нь зүйтэй. Баг доторх хүлээх үүрэг нь ажлын байрны тодорхойлолт шиг тодорхой байна. Хувь хүний ажил үүргийг ач холбогдол, хэрэгцээтэй нь холбон ойлгуулах нь ажилдаа сэтгэл ханамжтай байх чухал нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна багт ажлаа эргэн авч үзэх үйл явц хэрэгтэй бөгөөд урьдчилан ярьж тохироогүй гэнэтийн ажил үүрэг нь хамтын ажиллагаанд саад учруулах талтай.

6.Ил тод, ойлгомжтой дүрэм журамтай байх

Дүрэм журам гэдэг нь тодорхой нөхцөл байдалд багийн гишүүд хоорондоо хэрхэн харилцах талаар журамласан тохиролцоо (гэрээ) юм. Дүрэм журам нь ажлын явц яаж явагдах, түүнийг хэрхэн хялбаршуулах болон ажиллах арга барилыг ойлгомжтой болгоход үйлчилнэ.  Баг бүрд мөн явцын дунд ярилцаж тохироогүй харилцааны норм-хэм хэмжээ үүсч бий болдог. Харилцааны ийм тогтсон хэм хэмжээг шинэ ажиллагсдаас хүлээхэд хэцүү. Тэгэхээр ийм хэм хэмжээг ил тод болгох шаардлагатай. Гэхдээ дүрэм журам нь хувь хүний үйл ажиллагааны зохион байгуулалтыг хязгаарлах, улмаар бүтээлч байдал, шинэчлэлд саад болохоор байж болохгүй.   

7. Ялгаатай байдалд нээлттэй байх

Олон сорилтууд нь багийг уян хатан болгохын зэрэгцээ хүмүүсийн чадварыг нэмэгдүүлж, шийдлүүдийг олоход нөлөөлдөг. Өөр өөр үзэл бодол нь тухайн зүйлийн талаар өргөн хүрээтэй ойлголт бий болгож, шинэ санаачилга гарах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг. Бүтээлч баг бол шаардлагатай үед тогтсон бүтэц болон ажлын арга барилаа эргэн харж, шинэ арга зам олох чадвартай байдаг. Ялангуяа тогтсон дэг журам алдагдах зарим үед шинэ санаа гарч ирдэг.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.